СпортХүмүүс

Тэр даруухан дөлгөөн хүн ийм авир гарсан гэхэд итгэмээргүй. Энд дарж унш!

Их Олимпooc МЕДАЛЬ ДУУДАХ САЙХАН МЭДЭЭГ ТҮГЭЭЕ‼

Сэтгүүлч Ж.Баяржаргалын нийтлэлийг толилуулж байна.

Хакухо М.Даваажаргал цаанаа л өөр. Гаднаа эр бяр дүүрэн боловч сэтгэл дотроо зөөлөн, мөн уярам. Түрүүлчихээд зогсч байгаа нь, баярласандаа уйлчих гээд байгаа нь нэг л сэтгэл татам.

Тэр бүх агшинд бяр тэнхээ, омог бардам зан нь цээжин дотроо буцалж байгаа нь илт. Цээж нь түнхийгээд л, уртаар амьсгаа аваад л, хөмхийгөө зуугаад л. Юу юугүй са.д тавь.ч.их гээд байгаа энэ их омогшлыг хэнз хүүхдийн уян зөөлөн зан нь л барьж тогтоож буй нь харваас анзаарагдах.

Унаган зангаас гадна сүмогийн ёс жаяг ч нөлөөлдөг байх. Анхны түрүүгээ авчихаад биеэ хэрхэн барьж тогтоож байсныг нь тод санаж байна. Аваргаас бөх хүү төрсөнгүй, аваргын хүү шалихгүй гэх зэрэг түмэн шүүмжлэл дунд хар багаасаа бойжиж ирсэн түүнд хэлмээр мянга мянган үг байсан байж таараа.

Дотор бодлоо, дотоод хүчээ зад тавин илэрхийлмээр санагдсан ч М.Даваажаргал сэтгэлээ барьж л байсан. 2006 онд Миябиямаг давж анх түрүүлэхдээ ч, 2007 онд Асашёорюүг ялж Екозүна болохдоо ч ийм л байлаа.

Тэгвэл саяын башёд аавдаа зориулж ширхэг ч унаагүй түрүүлэх зорилгоо биелүүлсэн болохоор цээжин доторх сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй. Дийлэх хүсэл ч байгаагүй нь илт.

Энэ бол М.Даваажаргалын тамирчны замнал дахь хамгийн торгон мөч, алтан агшин байлаа.

Тэрүнофүжиг ялуутаа хэзээ ч олонд харуулж байгаагүй эмоцоо гаргалаа шүү дээ. Эхнэр, хүүхдүүд нь ямар их баярлаж байв аа. Хакухо ордны хонгилд ороод ганцаараа нэлээд зогссон. Тэр их эмооцоо замхраагүй дээр нь, ялалтын үнэрээ сарниагүй үед нь бөхийнхөө дэвжээний дэргэд аавдаа залбирч, аавтайгаа ярьсан байх, Хакухо маань.

Айлын отгон хүүд аав, ээж ийм л эрхэм байдаг аж. Тэднийхээ төлөө юуг ч хийж чадна, уулыг ч нурааж чадна гэдгээ Хакухо энэ түрүүгээрээ, тэр сэтгэл хөдлөлөөрөө харууллаа. Сэтгэл нь ингэж их хөдлөхөд нөлөөлсөн дагавар шалтгаанууд бас байлаа.

Олон сарын эмчилгээний дараагаар барилдаж эхэлсэн хоёрдугаар шалтгаан. Олимпийн нээлтэд ёсолгоогоо хийх хүсэл нь биелэх дөхсөн гуравдугаар шалтгаан. Мөрөөдлийн олимп нь эхлэхийн өмнөх башёд түрүүлсэн дөрөвдүгээр шалтгаан.

Олимпийн нээлтэд оролцохын төлөө өдийг хүртэл барилдаж ирсэн тавдугаар шалтгаан. Эцсийн дүнд олимпод данстай аавынхаа ачийг үүгээр хариулах зургадугаар шалтгаан.

Гээд тоочвол эгэл бидэнд үзэгдэх нэжгээд учир жанцан бий буй за. Тиймээс л Хакухо саяын башёд бүх сэтгэл зориулжээ. Аав, ээжийн отгон хүү ийм л байдаг. Тэдэндээ өгсөн амлалт бүхнээс эрхэм, бүгдээс чухал байдаг билээ л.

Сэтгэл гэснээс, 2004 оны 5 сарыг тод санаж байна. Хакухо дээд зиндааны анхны башёдоо барилдаад 12-3 гэсэн сайхан амжилт үзүүлсэн. 15 дахь өдөр тэрбээр 13-1 амжилтаар тэргүүлж явсан Хокүторикиг унагаж, их аварга Асашёорюүдаа нэмэлт барилдаанаар түрүүлэх боломж олгохын тулд ихэд хичээн байж ялсан юмдаг.

Гэтэл коридорт хүлээн байж баяр хүргэсэн Хакукогийн гарыг Аса хайнга гэгч нь алгадсан болоод явж одоход нь ихэд гайхаж билээ. Хакухо ч гайхсан байртай аваргын араас харан, харан үлдсэн сэн. Хакухо-Асагийн хор шартай, алаан хядаантай түүхэн өрсөлдөөний суурь тэндээс л тавигдсан байх гэж боддог юм.

Юутай ч хөлбөмбөгийн Лионель Месси, сагсан бөмбөгийн Майкл Жордан, шайбтай хоккейн Уэйн Гретцкийн эринд амьдарснаараа энэ цаг үеийнхэн азтай гэгддэг. Тэгвэл Аугаа Аварга Хакухогийн эрин цагийг үзэж буйгаараа мөн азтай буй за.

Үг үсэг, цэг тэмдэг холбосон: Жалсрайн БАЯРЖАРГАЛ. 2021.07.19

Таны бодол...

Hits: 43

Back to top button