Эдийн засаг

Унаж боссон эдийн засгаа яаж эвтэйхэн өндийлгөж, ард түмнээ ажил амьдралтай залгуулах вэ? Энд дарж унш.

2021.09.13-нд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг 2021.09.15-нд Сангийн сайдын хэлсэн үгтэй харьцуулав.

Унах сэргэхийн хооронд асар их ялгаа байна шүү. Дээрх үгийг 2021.09.13-нд Ерөнхийлөгч хэлж байсан бол 2021.09.15-нд буюу өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан энэ үгийг Засгийн газрын хуралдаан дээр онцлон тэмдэглэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө:

Жил бүрийн есдүгээр сарын 15-нд Сангийн яам ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн анхны төслийг өнөөдөр танилцуулав. Мөн төрийн худалдан авалттай холбоотой судалгааны үр дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл энэ онд тааруу буюу 30 хувьтай байна. Өнгөрсөн оны энэ үед 50 хувь байсан юм. Үүнд цар тахлын үеийн тээвэрлэлт саатсан зэрэг асуудал нөлөөлөв.

Энэ онд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, ирэх онд сэргэнэ гэж төсөөлөн улсын төсвийг боловсруулсан. Төсвийн шинэчлэлүүд үргэлжилнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засгийг эрчимжүүлэхэд энэ төсөв чиглэнэ.

Төсвийн урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Дэд бүтцийн салбараар дамжуулж эдийн засгаа дэмжих хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн түгжрэлийг шийдэх, төвлөрлийг сааруулахад анхаарна. Боловсрол, соёл урлагийн салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна.

Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр байх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр экспорт саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэх буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал 5 орчим хувь байна. 2023 онд 3 хувь болж буурна.

Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөхөд онцгой анхаарна. Тодруулбал бидний хийсэн хөрөнгө оруулалт дараа дараагийн жилүүдэд зардал өсгөх биш орлого оруулдаг байх ёстой. Гэхдээ боловсролын салбарын зардал буураагүй.

Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулна. Шилжих хөрөнгө оруулалт буюу өнгөрсөн онд эхэлсэн ч дуусаагүй төслүүдийг дуусгахад анхаарна. Концессын төлбөрүүдийг төлнө. Цар тахлын дараах эдийн засгийг дэмжихэд ирэх оны улсын төсөв зорино гэв.

Ирэх онд хүүхдийн мөнгийг сард 20 мянган төгрөг олгохоор төсөвт суулгасан. 100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусах тул бид өөр хувилбаруудыг судалж байна. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй холбоно. Ингэснээр хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалт болгох ажлыг эхлүүлнэ. Учир нь хүүхэд 18 насанд хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог хийсэн. Үнэхээр шаардлагатай нөхцөлд нь энэ мөнгөний тодорхой хувийг мөнгөжүүлэх сонголтыг гэр бүлүүдэд олгоно.

Татварын бодлогын хувьд энэ онд НӨАТ-ын орлого төлөвлөснөөс 30 хувиар өслөө. Үүнд татвар төлөгчийн суурь тэлсэн нь нөлөөллөө. Анх нийт ААН-ийн 46 хувь нь НӨАТ төлөгч байсан бол одоо 67 хувь болсон. Гэсэн ч цаана нь 33 хувь төлөхгүй буюу далд эдийн засаг байсаар байна. Захуудад ч НӨАТ-ын баримтыг олгож байна. Дахин татварын өршөөл үзүүлэхгүй. Татвар төлөхгүй байх давлагаа, хандлагыг өөгшүүлэхгүй гэж хатуухан мэдэгдсэн.

Харин 2021 оны 9-р сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх чуулга уулзалтын үеэр төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үгс арай өөр байсан билээ.

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ:

“Юуны өмнө цар тахлын үед ажлын байраа хадгалж ирсэн хувийн хэвшил, бизнесийнхэн, ажил олгогч нартаа талархлаа. Цар тахлын дараа нийгэм, эдийн засаг урд өмнөх шигээ үргэлжлэхгүй гэдэг нь тодорхой байна. Шинэ сэргэлтэд төр хувийн хэвшлийн түншлэл хамгийн чухал байна.

Төрийн хүнд суртлыг арилгаж, бүх шатанд хариуцлагатай ажиллах шаардлагатай. Том төслүүдийг эрчимжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна. Төр ажил олгогч, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдаа дэмжиж, эрсдэлийг нь хамтарч шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой. Иймд бизнесийнхний саналыг сонсох, тулгамдаж буй асуудлаа хамтран шийдээд, цаашаа явна.

Энэ уулзалтаас гарсан санал зөвлөмжийг төрийн бодлогын бичиг баримтад тусгахыг Ерөнхийлөгчийн хувьд чиглэл болгож байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Энэ цаг үеийн нөхцөл байдал болон цаашид УИХ дээр хэлэлцэхээр төлөвлөж байгаа бодлогын бичиг баримтын талаар мэдээлэл өгье. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 3-4 хувь руу орох эрсдэл байна. Гадаад валютын албан нөөц 500 сая ам.доллараар буурлаа. Экспорт буурч, төлбөрийн тэнцэл алдагдалтай байна. Хэдий түүхий эдийн үнэ өсч байгаа ч тээврийн асуудал тулгарлаа.

Нөхцөл байдал амаргүй байгаа ч боломжийг бодит ажил болгох түүхэн цаг үе ирээд байна. УИХ эрхзүй, нийгмийн, эдийн засгийн шинэчлэлийг хийх зорилт тавьсан. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Одоо энэ эгзэгтэй нөхцөлд эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлэх түүхэн үе ирлээ гэж харж байна. Цаашдаа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж ажиллана. Мөн УИХ дээр хэлэлцэхээр хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалт бизнесийг дэмжих, эдийн засгийн шинэ сэргэлтийг дэмжих хуулийн төслүүд бий. Эдгээр төсөлд хувийн хэвшил, салбар бүрийн саналыг тусгах хүрээнд мэргэжлийн холбоодтой нь хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж хэлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

2022 оны улсын төсөв хэлэлцэхийн өмнө, намрын чуулганаас өмнө төр хувийн хэвшлийнхэн асуудлаа нэг цонхоор харж байгаа анхны уулзалт болж байна.

Цар тахал, эдийн засаг хоёрын аль нэгийг нэн түрүүнд авч үзэх боломжгүй, хамтад нь анхаарч ажиллах шаардлагатай. Цар тахалд анхаараад эдийн засгаа орхиж болохгүй эгзэгтэй нөхцөлд бид ажиллаж, амьдарч байна. Манай улс дэлхийн бусад улстай харьцуулахад вакцинжуулалтаараа зургаан сараар тэргүүлж байна. Энэ үзүүлэлтээ бид эдийн засагтаа ашигтайгаар ашиглаж, эдийн засгийн сэргэлтээрээ тэргүүлэх боломж гэж харж байна.

Улс төрийн болон макро эдиийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө Засгийг газар ажиллана, ийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг зүгт харж, тогтвортой бодлоготой ажиллана гэдгээ бизнесийнхэндээ хэлмээр байна.

Томоохон төслүүдийг гацаадаг төр байж болохгүй, өмнөх алдаатай бодлогыг давтахгүй. Болж бүтэж байгаа бүх цаг үеийн залгамж бодлогыг хэрэгжүүлж ажиллана гэж мэдэгджээ.

 

Таны бодол...

Hits: 10

Back to top button