Нийгэм

Оршуулгын зардал хуримын зардлаас өндөр болcон гэж үү? Хүний хагацал зовлон дээр цэцэглэн хөгждөг бизнес….

Найзын маань аав ковидоор өнгөрчихлөө. Настай хүн л дээ хөөрхий. Эмнэлэгт хэвтээд уг нь гайгүй болж байх шиг байсан, нэг орой унтаад өглөө нь сэрсэнгүй. Үүрээр эмнэлгээс гэнэт утасдаж харамсалтай мэдээ дуулгаж. Хүүхдүүд нь зарим нь хөдөө орон нутгаас ирж амжилгүй бүх зүйл гэнэт л болоод өнгөрчээ.

Ковидоор өнгөрсөн хүмүүсийг шууд чандарладаг байсан оршуулах журам нь өөрчлөгджээ. Ар гэрийнхэн нь хүсвэл заавал чандарлахгүйгээр зөвшөөрөлтэй газарт оршуулж болохоор болжээ. Гэхдээ оршуулгын арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоонд хязгаар тавьж, үр хүүхдүүд нь ярилцаад төлөөлөл болгож хоёр гурав нь л газар руу нь явж бусад нь онлайнаар хагацал үйлдлээ.

Муу аавыгаа ёс төртэй хөдөөлүүлж чадсангүй, гэнэтийн энэ өвчнөөс болоод хам хум л юм хийчихлээ дээ гэж харамсан суух найзыгаа тайвшруулах гэж бас хэрэндээ л хичээсэн.

Хам хум яаран хийсэн энэ оршуулгын зардалд 5-6 сая төгрөг зарцуулагджээ. Оршуулгын зардал үнэхээр л багахан хуримын зардлаас давдаг болсон байна.

Хүний хагацал зовлонгоор хүртэл ашиг орлого олох гэж улайрах ч гэж дээ. Хүнээ буцааж байгаа хүмүүс хэдэн төгрөгнөөс болж хэл ам хийж, талийгаачийн сүнсийг хорогдуулаад яахав гээд олон юм хэлдэггүй, хэлсэн үнээр нь л ёс үйлддэг юм байна. Олон хүний нулимс, харууслаар орж ирсэн мөнгө цаад хүндээ яаж л олигтой тусахав дээ.

 

Хэтэрхий сүсэг өөрийгөө л мөлжинө. Ёс зүй, энэрэх сэтгэлгүй бизнес ч дампуурна. Хаа хаанаа юм бодох цаг ирсэн байна. Хүний хагацал зовлон дээр цэцэглэн хөгждөг бизнес гэж байж болохгүй. Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага тодорхой ашиг орлого байлгүй л яах вэ. Гэхдээ Монгол хүний өгөөмөр сэтгэлийг сэвтүүлж болохгүй.

Газар, зөвшөөрөл энэ тэрээ булаацалдах ч өнгөрчээ. Шарил булаацалдтал “сүнсээ түймэрдэн” амьдарч болохгүй л дээ…

Боломжтой хүмүүст бол бүх юмыг нь бэлдээд өгчихдөг нэг талаар их хялбар болсон. Боломжгүй хүмүүст бол үнэхээр их дарамт болж байна. Үүнийг нь уг нь ёс зүйгээр зохицуулаад болгодог л байсан. Одоо тэр нь үгүй болж мөнгөөр зохицуулах болсон нь бурхны номоор бол нүгэл, хүний үзлээр бол ёс зүйгүй , Монгол ухаарлаар бол жудаггүй болж байна даа.

Таны бодол...

Hits: 345

Back to top button