БүсгүйчүүдНийгэм

Нара яагаад зоригтой, Оюунгэрэл үзэл бодолд баригдан хүлээцтэй байдгийн учрыг Р.Эмүжин тайлбарлажээ…

Сэтгүүлч Р.Эмүжин улс төр, нийгмийн хүрээнд олны дунд нэлээд шуугиантай байгаа хоёр бүсгүйн тухай чухам үнэнийг бичжээ.

Хоёр бүсгүй…

Яв ягаахан пиджакаа өмсөөд л УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшээд туугаад орчихсон хүн шүү дээ, энэ Нара. Оюунгэрэл харин МАН-аас Сэлэнгийн тойрогт өрсөлдсөн. Хоёр ч удаа олон нийтийн зүгээс МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг М.Нарантуяагаар солих санал албан бусаар гарч, сүүлийнх нь бүр челлэнж болтлоо өргөжсөн.

Нарагийн нийгэмд хандсан хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой санаачилгууд хүмүүст маш сайн хүрдэг. Өөрөө ч энэ тал дээр мэдрэмжтэй, санаачлагатай, олныхоо дунд байж, амьдралд ойрхон ажиллаж чаддаг, хошуучлан тэргүүлж, эхлүүлснээ заавал дуусгадаг. “Бяцхан уушиг” зэрэг жилдээ хэд хэдэн удаа цаг үеэ мэдэрсэн хөдөлгөөн, аян өрнүүлээд амждаг.

Б.Оюунгэрэл бас хоосонгүй. “Бүжин” зэрэг цөөн боловч ажил санаачлан амжуулсан. Энэ хоёр бүсгүйн хэн нь хэн болох тухай энд өгүүлэх гэсэнгүй. М.Нарантуяа бол нам бус, түүнд ямар нэгэн үзэл бодолд баригдаж, дарга нар юу гэх бол, намынхаа эсрэг байр суурь баримталж харагдчих вий…гэх мэт айдас байхгүй. Тиймдээ ч эмэгтэйчүүд хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд ханцуй шамлан, хатуу тулж зогсдог. Зоригтой ч хөдөлдөг.

Харин Б.Оюунгэрэл Монголын хүүхэд, эмэгтэйчүүдэд юу хэрэгтэй вэ гэхээсээ илүү нам маань юу гэх бол гэсэн айдас тээж явдаг, тиймдээ ч олон нийтийн хүссэнээр хүчтэй, чөлөөтэй ажиллаж чаддаггүй. Энэ нь Оюунгэрэлийн ч буруу биш.

Үнэндээ бол МАН олон нийтийн чанартай, нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй, олон жилийн угшил түүх намтартай, үүнийхээ хэрээр нөлөөтэй хэд хэдэн байгууллагыг яг атгаж, яс барьсаар ирсэн. Үүгээрээ нийгэм дэх нөлөөллөө тэлдэг, сүлжээгээ бэхжүүлдэг, сонгуулиар ашигладаг технологитой. Монголын Залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын Зохиолчдын хороо…гэхчлэн үргэлжилнэ.

Биеийн тамир спортын хороод, төрийн бус байгууллагуудаар энэ жагсаалт сунаж өгнө. Тиймдээ ч эдгээр байгууллагуудын удирдлагуудыг санал болгодог, томилдог, өмчирхдөг, шинэ дарга сонгох хуралд нь заавал ширээний чимэг илгээдэг.

Харин энэ удаа Монголын эмэгтэйчүүдийн холбоо хэмээх их айлын даргаар М.Нарантуяаг ажиллуулъя гэсэн санал эгэл олон түмнээс гарсан нь яах аргагүй нийгмийн шаардлага, цаг үеийн шинэ хандлага байлаа.

Урьд нь байгаагүй зорилготой хандлага, зоригтой өөрчлөлт хүссэн өөр үзэл бодол. Улс төр дагасан намын томилгооноос татгалзаж, жинхэнэ утгаараа олон нийтийнх болох боломж МЭХ-нд ирж байж ч болох юм.

Уг нь тэгж байж л энэ мэтийн байгууллагууд жинхэнэ үүргийнхээ дагуу ажиллаж, эгэл олонд үйлчлэх юм. Тиймээс хоёр ч удаа олны санаачилгаар өрнөөд байгаа МЭХ-ны Ерөнхийлөгчийг дахин сонгох, солих гэсэн ээж нарын, эмэгтэйчүүдийн оролдлого, санаачилга, хүсэл тэмүүллийг ажиглан харлаа.

Ямартай ч эмэгтэйчүүд, эхчүүд маань бидэнд ямар чиг үүрэгтэй байгууллага хэрэгтэй вэ гэдгийг анзаарч, үгүйлж эхэлсэн байна. Энэ бас дэвшил шүү, цаг үеийн захиалга ч гэж хэлж болно. Өөрчлөлт хүссэн энэ санаачилгаа ажил хэрэг болгочихвол Монголын эмэгтэйчүүд үзэл бодлын хувьд, нийгмийн оролцооны хувьд, хувь хүний хөгжил, итгэл талаасаа нэг алхам урагшилж чадна. Учир нь, улс төрийн намаас хамааралгүйгээр оршин тогтнох гэсэн тэдний хүсэл биелнэ гэдэг чинь гэр бүл дэх ардчилал бэхжинэ гэсэн үг шүү дээ.

Ээж нар бол өрх гэрийн өнгөт хувьсгал л даа, яах аргагүй. Гэхдээ Нара хэзээ ч МЭХ-ны Ерөнхийлөгч болж чадахгүй байх магадлал маш өндөр, яагаад гэвэл тэр МАН, эсвэл АН-ын гишүүн биш. Манай тогтолцооны алдаа үүндээ л байгаа юм даа! Гэтэл үнэн хэрэгтээ олон олон эмэгтэйн хувьд МЭХ-ны албан бус дарга нь аль эрт Нара болчихоод байгаа юм л даа. Нөгөө л нам ба нам бусчуудын дунд гарч буй, миний ад болоод, алуулан байж үглээд байгаа манай гаригаас том ангал хавцал гэдэг чинь энэ.

Чухам үнэнийг бичжээ, Р.Эмүжин

Таны бодол...

Hits: 1355

Back to top button