Эрүүл мэнд

Омикрон орж ирээгүйг зарлаж байгаад нэг мэдсэн чинь омикрон “реэкспортлогч” улс болжээ бид

Өчигдөр өглөө Эрүүл мэндийн яам нь Манай улсад омикрон бүртгэгдээгүйг албан ёсоор мэдэгдэж байна гэж сүржигнэж байх хооронд л Монгол орон омикрон “реэкспортлогч” улс болчихсон.

Өмнөд Солонгосын хэвлэлээр 2021.12.31-ний нислэгээр ирсэн Монголын 2 иргэний шинжилгээнээс омикрон илэрснийг зарласан.

Харин өнөөдөр ЭМЯ маань Монгол Улсад омикроны халдвар илэрснийг дуртай дургүй зарлалаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан өнөөдөр мэдээлэл өгөхдөө Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээр 1, Энхийг сахиулагчид 10 буюу нийт 12 тохиолдол шинжилгээгээр батлагдаж Монгол Улсад Омикрон хувилбарын 12 тохиолдол батлагджээ! гэж мэдэгдэв.

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байна. Шинэ оноос өмнө өдөрт 200 хүртэл тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 2-3 өдөрт 400-500 болж хоёр дахин нэмэгдлээ. Энэ хэрээр эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна.

Өнөөдөр гэхэд 350 ор шинээр дэлгэлээ. Өдөрт 40-50 үйлчлүүлэгч ирж хэвтэж байна. ХӨСҮТ эрчимт эмчилгээний 12 ортой бөгөөд өнөөдөр зургаан хүн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Дельта давлагааны үед эрчимт эмчилгээ хэрэгтэй хүн орны тооноос давж байсан.

Улсын хэмжээнд ковидын орны 21 мянган ортой. Улаанбаатарт 6000-7000, орон нутагт 14 мянган ор дэлгэж ковидын тусламж үзүүлж буй юм. ХӨСҮТ-д одоогоор 350 ор дэлгээд байна. Ковидын шалтгаанаар өдөрт 40-50 хүн ХӨСҮТ-д хэвтэж байна. Улсын хэмжээнд 2843 ковидын улмаас эмнэлэгт хэвтэж байгаагийн 1891 нь Улаанбаатарт, 992 нь орон нутагт байна.

Халдварын тоо хоёр дахин нэмэгдсэн шалтгаан нь шинэ жилийн баярын бөөгнөрөлтэй холбоотой.
Удахгүй сар шинийн баяр болно. Иргэдийн халдвар хамгааллын дэглэм алдагдах, тэр хэрээр халдварын тоо ихсэх эрсдэл өндөр байна. Тиймээс иргэд олон хүн бөөгнөрсөн газраар аль болохгүй явахгүй байх, зай барих, амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ алдахгүй сахихыг зөвлөж байна гэв.

Коронавируст халдварын Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүдийн талаар Эрүүл мэндийн яамнаас мөн дараах мэдээллийг гаргаад байна.

Омикроны хувилбар нь халдварлах чадвар өндөртэй бөгөөд бусад хувилбартай харьцуулахад хүндрэх эрсдэл багатай нь зарим судалгаагаар тогтоогдсон юм.

Илрэх шинж тэмдэг нь: хоолой өвдөх, нус гоожих, толгой өвдөх, ханиалгах, халуурах, үнэрлэх мэдрэхүй алдагдах, найтаах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ажээ.

Иргэд дор бүрнээ аль болох гадуур олон хүн цугласан газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй байна.

Таны бодол...

Hits: 59

Back to top button