Монгол ёс заншил

Хийморио сэргээхээр ирэгсдийн өргөсөн сүү, цайны дээжинд будагдаад бухимдан суугаа харагдана, ГомбоНанжид маань!

Монголчууд бидэнд сар шинээр хийдэг олон сайхан зан үйлийн нэг бол эрийн хийморь сэргээсэн Шилийн богд уулнаа очиж адис юугаан авч гарч буй жилийнхээ хийморь лундааг сэргээх ёс билээ. Эрчүүд очдог гэдэг утгаараа анд найзуудаараа залуус хөвгүүд голдуу ирдэг гэхэд болно.

Гэхдээ Шилийн богд уулнаа ирсэн гийчдээ алсаас харуулдан суух халхын сайн Торой бандийн энэ хөшөө ийм харамсмаар болжээ. Хийморио сэргээхээр сүсэглэн ирсэн зочдын өргөсөн сүү, цайны дээж, хатуу архины сэржимд будагдаад бухимдан суух мэт харагдаж байгаа биз. Ингэх юм бол хийморь лундаа сэргэх биш сэвтэх байлгүй дээ, эрчүүд минь ээ!

Уг нь ном ёсоороо хөшөөний урд байх аяны тогоонд ирсэн гийчид цайгаа чанаад, цайныхаа дээжээс Торой бандийн гартаа барьсан аяганд нь хийж өгч хамт үдэллэх ёсыг бэлгэдэн 1999 онд Ганга нуурын зүүн хойно байрлах Гангын цагаан овоон дээр уран барималч Ж.Дүүрэнтөгс урлан босгосон байдаг.

Торой банди 1830-аад оны үед одоогийн Дарьгангын “Бударын чулуу” хэмээх газар Халхын ноён Гомбодоржийн хүү болон мэндэлж эцэг эхээс ГомбоНанжид хэмээх нэр заяасан ч ард түмний дунд үеийн эрчүүдээс арга ухаан, ач тусаараа торойн тодорсон Торой банди хэмээх нэрийг авчээ.

Хожим тэрээр төрийн бөөс хэмээх хочтойгоор алдаршиж 1860 оны дундад Цахар найман хошуунд төдийгүй Халх даяар нэрд гарсан шилийн сайн эр болж хошуу нутгийнхаа ард олонтой олсон олзоо хуваан, харийн худалдаачид, ноёд түшмэдийн эсрэг тэмцсэн түүхтэй.

Торой банди баяд ноёдын адуунаас авсан малаа үгээгүй ядуу хүмүүст тарааж явахдаа адуугаа таниад ирсэн эзэнд нь “Торой бандиас авсан” гэж хэлж байгаарай гэдэг байв. Хэрвээ адуучин нь адуугаа буцаагаад аваад явсан байвал нөгөө ноёд түшмэлийн адуунаас шилж байгаад 20, 30- аар аваад явчихдаг байжээ. Түүнээс хойш өөрийн алдсан морио таниад “Торой өгсөн” гэж сонсвол буцааж авдаггүй болсон юмсанж.

Тийм ч учраас ард олны дунд Торой бандийг байхад торгоны сайныг өмслөө Торой бандиас хойш тостой даавуу ч олсонгүй Гэрийн хаяанд суугаад гэзгийг минь илдэгсэн Хажууд минь түшиж суугаад хацрыг минь илдэгсэн Гуна гүнжийн нуруунд гундаа нь үгүй Торой 32 хошуундаа баригдаа нь үгүй Торой Цантын цагаан нуруунд цантаа нь үгүй Торой Цахар найман хошуунд баригдаа нь үгүй Торой доо хэмээн дуунд мөнхрүүлэн дуулдаг болжээ.

Хөөрхий халхын сайн эр Торой банди тэргүүн юунд нь сүү, цайныхаа дээжийг асган цутган байх харчуудыг хараад аз хийморь, эр зоригоосоо хүртээх нь бүү хэл бухимдангуй суугаа мэт харагдах юм.

Сүсэг бишрэл, ёс заншил гэдэг өчүүхэн жижиг зүйлээс ч сэвтээж боломжгүй утга учиртай зан үйл байдаг юм шүү. Алтан овоонд мөргөж, Торой бандийн хөшөөнөөс адис авах бол сүү сааль биш саван, савтай халуун устай очиж тэргүүн юуг нь арчиж угааж өгвөл хэдэн насны буян болно шүү, залуус аа!

Сар шинээр өргөсөн энэ их идээ будаа цас ханзарч урь ороход муудаж, исэж ойр хавьдаа араатан жигүүртэн очихын аргагүй өмхий самхай болдог гэнэ. Сүү өргөх биш хажууд нь байх аяны тогоонд цайгаа чанаад Торой бандийн гарт байх аяганд цай сүүнийхээ дээжээс аягалж, хамт сууж үдэлдэг гэнэм.

Таны бодол...

Hits: 8

Back to top button