Эдийн засаг

Дотоодын цемент яагаад үнээ нэмэв? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд хөнгөлөлтэй зээлийг хүссэнээр нь өгөөд байхад ингэж хариу барих байсан юм уу?

Өнгөрсөн жилийн цементийн үнэтэй харьцуулахад өнөөдөр дотоодод үйлдвэрлэгдэж байгаа цементийн үнэ 30 хувь нэмэгдээд байна. Зохиомол хөөрөгдөл хэрхэн үүсэж байгааг шалгаж, арга хэмжээ авахаар боллоо.

Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгчээ.

Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ.

Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд 1 тонн нь 141600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны 12 дугаар сараас хойш 7 удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх баасан гаригт Шадар сайдад танилцуулахыг даалгажээ.

Шадар сайд хэлэхдээ: “Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж үнээ зайлшгүй нэмэх шаардлага үүслээ гэхэд бүх компаниуд нэг зэрэг шахуу 30 хувиар үнээ нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн эсэхийг нэн даруй шалгах хэрэгтэй.

Шалгахдаа бүх талын оролцоог ханган ажиллах нь чухал. Зайлшгүй үнэ нэмэхээс өөр гарцгүй байсан бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлэх учиртай.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан иргэд, аж ахуйн нэгжүүд цементийг их хэмжээгээр авч нөөцлөх зэргээр зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллах шаардлагатай байна.

2022 онд барилгын салбарт хийгдэх 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнийн хөөрөгдлөөс болж хойшлуулах, гацаахгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллах ёстой” гэж үзэж байна.

Мөн тэрээр импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, Ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчдээс төрийн өмчийг луйвардаж үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл авч тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстой гэж онцгойлон анхаарууллаа.

 

 

Таны бодол...

Hits: 5

Back to top button